“Fitch” ОХУ-ын зэрэглэлийг "BBB-" түвшинд батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-16 12:29:19

ЛОНДОН. /TASS/. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг ОХУ-ын зээлжих эрхийн зэрэглэлийг “сөрөг” урьдчилсан таамагтайгаар хөрөнгө оруулалтын "BBB-" түвшинд баталлаа. Энэ тухай тус агентлагийн мэдээлэлд дурджээ.

Үүний зэрэгцээ тус агентлаг Оросын гадаад валютын богино хугацааны зээлжих эрхийг "F3" түвшинд баталсан байна. Энэ нь хөрөнгө оруулалтын ангилалын хамгийн доод түвшин юм.

Одоогийн байдлаар олон улсын үнэлгээний “гурван том агентлагаас” зөвхөн “Fitch” агентлаг Оросын зэрэглэлийг хөрөнгө оруулалтын түвшинд үнэлж байгаа юм. Харин бусад хоёр нь тус улсын зэрэглэлийг хөрөнгө оруулалтын түвшнээс доогуур үнэлжээ. Тухайлбал, “Moody's” агентлагийн үнэлгээ тогтвортой урьдчилсан таамагтайгаар "Ba1" түвшинд байгаа бол “S&P” сөрөг урьдчилсан таамагтайгаар “ВВ+”  түвшинд баталсан байна.

ОХУ-ын төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ний 3.9 хувьд хүрч нэмэгдэнэ гэж “Fitch”-ийн мэргэжилтнүүд таамаглаж байна. 2015 онд энэ үзүүлэлт 2.4 хувьтай байжээ. Оросын Засгийн газар 2014, 2015 оныхтой адил төсвийн алдагдлыг нөөцийн сангаасаа нөхсөөр байна гэж тус агентлаг үзэж байна. Энэ онд Оросын инфляц тус улсын Төвбанкны 2017 оны эцэс гэхэд 4 хувьд тогтоон барихаар төлөвлөж байгаа түвшнээс дээгүүр үзүүлэлттэй байх аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ