Мал төллөлт 42. 9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-16 12:30:24

Улсын хэмжээнд нийт 10.2 сая эх мал төллөж 10 сая төл эсэн мэнд хүлээн авсан талаарх ХХААЯ-наас мэдээлэв.

Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна. Энэ нь энэ онд төллөх нийт малын 42.9 хувь бөгөөд өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хаврын цаг агаарын тогтворгүй үзэгдэл үргэлжилж, энэ сарын. 13-14-нд Увс аймгийн нийт нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн урд тал, Дорнодын зүүн, Сүхбаатарын урд хэсгээр 1.1-5.1 мм цас орсон. Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, салхи 18-24 метр секундэд хүрч шороон шуурга шуурчээ.

Тиймээс төл алдахаас сэргийлэх, малчдад туслах зорилгоор Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4390 өрхөд 2.4 сая ам.доллларын өвс, тэжээл, малын эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний багцыг хүргүүлсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ