Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах хэлэлцээрт нэгдэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 19:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэв.


Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2017 оны наймдугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Дээрх хуулийн төслийг баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна. Тодруулбал, ойн түймрийн чиглэлээр тус байгууллагын бүсийн боловсрол, сургалтын төвд жил бүр 5-6 хүн, Солонгосын их, дээд сургуулиудын магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтой болох аж. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын жилийн зардлын 80 хувийг БНСУ бүрдүүлэх бол бусад орнууд тус бүр 1 хувь буюу 30 мянган ам.долларын татвар төлдөг байна. 


Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 72.7 хувь дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо. Хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.


Ташрамд дурдахад, тус байгууллага 2012 оноос хойш гишүүн орнууддаа 300 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.


Хуулийн төслийг энд дарж үзнэ үү

Холбоотой мэдээ