Шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зонхилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-20 21:51:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 72  дугаар ангийг байгуулан, үйл ажиллагаа явуулж буй.

Мөн хугацаанд гал түймрийн бүртгэлтэй зургаан дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажиллажээ. Тус ангид шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зонхилдог байна. Өнгөрсөн долдугаар сард төөрч алга болсон Франц улсын хоёр, Герман улсын таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олжээ.

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги ийнхүү Баянхонгор аймгийн 6, Говь-Алтай аймгийн 5 суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байгаа аж.

Тус ангийн барилга нь олон жил ашиглагдаагүй, хуучин байгууламж байсан бөгөөд аймаг, орон нутгаас гал түймэр, аврах шинэ анги байгуулахад 70 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд ангийн барилга, 15 айлын орон сууцны хамт ашиглалтад оруулаад байгаа юм байна.

Холбоотой мэдээ