Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийг сайжруулахыг Засгийн газарт даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-21 14:59:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, "Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг дэмжиж, баталлаа. 


Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын багийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолд, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авахыг тусгасан байна. Тодруулбал, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Харин тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.   


Тогтоолын төслийг өчигдрийн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн 1-р зүйлийн 1 дэх заалтаас “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах” гэснийг хасах, УИХ-ын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтын “Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэснийг “Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах” гэсэн найруулгын шинжтэй санал гаргажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Ш.Раднаасэд, Н.Амарзаяа, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, А.Сүхбат, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарын гишүүд асуулт асууж,  үг хэлсэн юм. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, асуудалд нэг цонхоор хандаж, эрх бүхий салбарын сайд, болон Засгийн газрыг төлөөлснөөс бусад холбогдох албаны хүмүүс Рио Тинто компанитай уулзахыг хориглож  байв. Тэрээр, олон сая ам.долларын хөрөнгө шийдэхтэй холбоотой асуудлыг шийдэхэд бүх яамнаас санал авах ёстой ч энэ процедурыг алгассанаас Дубайн гэрээг алдаатай гэж үзсэн хэмээн тодотголоо. Гишүүд 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалтын зардал 5.3 байсан бол 2015 онд 11.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, 2023 онд Монгол Улс ашиг хүртэхээр төлөвлөж байсан ч 2041 он болж хойшилсон. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам, Монголын талын ашиг хүртэх хугацаа хойшилж байгаа зэргийг дурдаж, зайлшгүй Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээнд сууж, гэрээ, хэлэлцээрийг эргэн харж, хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, гэрээ хэлэлцээрийг шинэчлэхдээ, сая баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчимд тулгуурлахыг санууллаа.


Ийнхүү Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлахыг дэмжлээ. 

Холбоотой мэдээ