"Ленфильм" Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-22 08:21:43

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. 1939 онд Зөвлөлт, Монголын дайчид Японы цэргүүдийг бут ниргэсэн, Халх голын зэвсэгт мөргөлдөөний тухай баримтат киноны зураг авалтыг эхлүүллээ гэж ОХУ-ын "Ленфильм" кино студийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Халх голын эрэг дээрх баатарлаг үйл явдалд зориулсан баримтат киног “Ленфильм” студийн удирдлага Оросын Түүхийн нийгэмлэгтэй нягт хамтран ажилласны ачаар бүтээх боломжтой болсон” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч хэлээд уг төсөл мөн Монголын талын санаачилгын ачаар хэрэгжсэн гэдгийг онцлон дурдсан байна. Төслийн ерөнхий продюсероор студийн дарга Эдуард Пичугин ажиллаж байгаа бол найруулагч Андрей Егоров найруулна.


“Баримтат төсөл нь тулаантай холбоотой жинхэнэ кадр, материалуудыг эрж хайхтай шууд холбоотой. Энэ асуудал дээр бид Оросын түүхийн нийгэмлэгийн хамт олонтой хамтарч ажилласан. Бид өнөөг хүртэл нийтэд дэлгэгдээгүй хосгүй ховор баримт, бичлэгүүдийг цуглуулж чадсан” гэж Эдуард Пичугин ярилаа.


Одоо студийн нэгдүгээр павильонд дүр хуваарилах бэлтгэлийг хийж байгаа бөгөөд зураг авах тайзыг засжээ. “11 дүгээр сарын 26-нд Монголын жүжигчдийг энд сонсоно. Тэд Халх голын эрэг дээрх үйл явдлын гэрч нарын өдрийн тэмдэглэлээс уншина. Бид 12 дугаар сарын 20-нд зураг авалт, монтажийг дуусгахаар төлөвлөж байна” гэж найруулагч Андрей Егоров хэлжээ. Баримтат зургуудаас гадна уг кинонд Санкт-Петербург хотын шинжээчдийн санал бодлыг нэмж оруулах аж.


Баримтат кинон дээр ажилласнаар "Ленфильм" студи Халх голын байлдааны талаар өгүүлсэн уран сайхны киноны зураг авалтад бэлтгэх баримт, материалуудыг цуглуулах боломжтой болох юм.

Холбоотой мэдээ