Иргэний 10 орчим бичиг баримтын дугаарыг нэг бүртгэлтэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-22 16:58:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний 10 орчим төрлийн бичиг баримтын бүртгэлийн дугаарыг 12 оронтой нэг дугаараар нэгтгэн цахим системд шилжүүлэхээр судалж буйг Төрийн ордонд өнөөдөр болсон "Нэг иргэн-Нэг бүртгэл" хэлэлцүүлгийн үеэр УБЕГ-ын дарга Б.Баасандорж онцлов. 


УИХ-аас 2018 онд Улсын бүртгэлийн багц хуулийг баталсантай холбогдуулан УБЕГ-аас төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хийсэн ажил, тэр дундаа иргэд рүү чиглэсэн, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн, аюулгүй байдлыг хангасан цахим үйчилгээнд нэвтрэх ажил өрнүүлж байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр мэдээлж, ажлаа тайлагнав. Тухайлбал, УБЕГ-ын 23 төрлийн үйлчилгээг "burtgel.mn" цахим хаягаар үнэ төлбөргүй авах системийг 2018 оноос нэвтрүүлээд байгаа. Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, Монгол Улсад байгаа 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг цахим санд нээлттэй байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан байна. Түүнчлэн, 2019 оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болсон бөгөөд 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ ийнхүү авчээ.



Одоогоор, Монгол Улсын нэг иргэнд улсын бүртгэлийн, иргэний үнэмлэхний, жолооны үнэмлэхний, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гэхчлэн 10 орчим дугаар байдаг ч иргэд үүнийг тэр болгон мэддэггүй учир цэгцэлж, нэг бүртгэлтэй болгох шаардлагатай байгаа аж. Тиймээс улсын бүртгэлийн 12 оронтой дугаарт иргэний бүх мэдээллийг байршуулж, "Нэг иргэн-нэг бүртгэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулахаар улсын бүртгэлийн байгууллагын ажлын баг ажиллаж байгаа аж.



Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ, УБЕГ хамтран Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа. 


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд уг хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох  зорилт тусгажээ. 

Холбоотой мэдээ