Гэрэл зурагчин Л.Золбаяр оюуны өмчөөр бүртгүүлсэн зургаа аймгийн Засаг даргад гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-22 17:50:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд гэрэл зургийн урлаг эрчимтэй хөгжиж байна. Урлагийн тус төрлөөр голдуу залуучууд хичээллэж байгаа бөгөөд 2018 онд  гэрэл зурагчин Н.Нуржас "Уулс дундах ертөнц", 2019 онд М.Нурболат "Уулсын хаан – Өлгий нутаг" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв.

Харин Л.Золбаяр нь өөрийн гэрэл зургийн хальсанд буулгасан "Алтай Таван богд" байгалийн зургаа саяхан оюуны өмчөөр бүртгүүлсэн бөгөөд тус бүтээлээ өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымханд гардуулав.     

"Миний хувьд гэрэл зургийн салбарт ес дэх жилдээ хүч үзэж байна. Саяхан "Алтай Таван богд" зурагтаа патент авсан байгаа. Энэ бол тус аймагт гэрэл зургийн бүтээлийг оюуны өмчөөр бүртгүүлсэн анхны тохиолдол юм. Тухайн зураг маань өнөөдөр Улаанбаатар хотод Улсын их дэлгүүрт худалдаалж байна. Харин Баян-Өлгий аймгийн иргэд болон ирсэн зочдод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарна" хэмээн тэрээр хэлэв.

Л.Золбаяр голдуу байгалийн зураг авдаг. Гэрэл зургаар дамжуулан Монгол Улсаа, төрөлх аймгаа гадаад, дотоодод сурталчлахыг зорьдог бөгөөд ирэх жил тохиох Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор бие даасан үзэсгэлэн гаргахаар ажиллаж байгаа ажээ.  

 

Холбоотой мэдээ