Гурвансайхан суманд "Бизнес хөгжлийн бүлэг" байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/ "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-аас Дундговь аймгийн Гурвансайхан суманд зохион байгуулсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Бизнесээ эхэл" сургалтад оролцогчид "Бизнес хөгжлийн бүлэг" байгууллаа.
Тус сургалтад сумын ИТХ, ЗДТГ, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 16 хүн оролцож, бизнесийн анхан шатны мэдлэгтэй болж, бизнесийн төсөл боловсруулах чадвар эзэмшжээ.
Дундговь аймгийн Гурвансайхан сум иргэдийнхээ оролцоо, төр, хандивлагчдын хамтын ажиллагааны үр дүнд "Шинэ сум" төслийг амжилттай хэрэгжүүлж, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадсан онцлогтой сум.
Гэхдээ тус суманд бизнесийн хөгжил төдийлөн сайн биш байгаа учраас сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү сургалтыг захиалж, орон нутагтаа зохион байгуулсан нь сумандаа бизнес хөгжүүлэх эхлэлийг бий болгож байгаа ач холбогдолтой юм.
Цаашид энэхүү сургалтыг дахин зохион байгуулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ахисан шатны "Бизнесээ хөгжүүл" сургалтыг үргэлжлүүлэн авах сонирхолтой байгаагаа тус сумын удирдлагууд илэрхийлсэн байна.
Шинээр бий болсон "Бизнес хөгжлийн бүлэг" нь сумынхаа бизнесийн орчныг сайжруулах, бусад бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажилагааг сайжруулж, сумынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.
