БСШУС-ын сайд шинжлэх ухааны салбарынханд мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна. Эл өдрийг тохиолдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр мэндчилгээндээ, “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
2019 онд Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан,
технологи, инновацын салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын бодлого,
эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг
бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр чухал ач холбогдолтой шийдвэрүүд
гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын
Ерөнхий сайдын дэмжлэгээр “Хандлагаа өөрчилье” уриан дор амжилттай зохион
байгуулж, салбарын цаашдын хөгжлийн шинэ шинэ зорилтыг тодорхойлсон нь тус
салбарынхны хувьд түүхэн онцлог жил боллоо.
Тус их хурлаас дэвшүүлсэн зорилт нь шинжлэх ухаан,
технологи, инновацын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг
эрчимжүүлэх замаар салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, улмаар Монгол Улсад
мэдлэгт суурилсан нийгэм, эдийн суурийг бий болгоход дорвитой хувь нэмрээ
оруулна гэдэгт итгэл төгс байна.
Төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацын талаар баримтлах
бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, эрдмийн хамт олон
болон шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч Та бүхний идэвхтэй
хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга, хичээл зүтгэл бүхнээс чухал юм.
Шинжлэх ухааны салбарын хамт олон, бидэнтэй хамтран
зүтгэгчид Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг дахин
дэвшүүлж, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх ариун үйлсэд тань өндөр амжилт
хүсье. Эрдэм номын хур ашид арвижих
болтугай” гэжээ.