"Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-28 16:48:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулж, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэх зорилготой “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны үр дүнгийн уулзалт, нэгдсэн үйл ажиллагаа Алтай хотноо боллоо.

Уг аяныг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, ЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сан, МХГ, УЦУОШТ, ХГЦНСГЗ, “Ундарга-Алтай” ОНӨТҮГ хамтран долоон сарын хугацаанд өрнүүлж ийнхүү аянд идэвхтэй оролцсон сумдыг шалгаруулсан юм. “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны үр дүнг хэлэлцэн, сайн ажилласан сумаар Эрдэнэ сум манлайлан нэгдүгээр байр, Жаргалан, Дарив, Бугат, Шарга, Тонхил сум удаалж орон нутагтаа халуун усны газар, ухаалаг худаг, стандартын нүхэн жорлон барих эрх болон ундны усны зориулалтын саваар шагнуулсан юм. 

Аяны үр дүнгийн уулзалт, сургалтад тус аймгийн 18 сум, 2 тосгоны төлөөлөл 120 хүн оролцож шилдгүүдээ шалгаруулахаас гадна ус, орчин эрүүл ахуйн аюулгүй байдлын төлөвлөгөөг сайжруулах арга зүйн сургалт, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж, айл өрхийн дулаан алдалтыг бууруулах шинэлэг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хувилбаруудаас туршлага солилцлоо.


Холбоотой мэдээ