1000 инженерийн хөтөлбөрийн үр шимийг 500 гаруй оюутан, судлаач хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-02 09:34:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инженер технологийн дээд боловсрол” /ИТДБ/-ын төсөл буюу бидний хэлж заншсанаар "1000 инженерийн хөтөлбөр" тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж 500 гаруй багш, оюутан төслийн үр шимийг хүртээд байна. 


Манай улс өндөр ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт судалгааны орчинг шинэчлэн сайжруулах зорилгоор 2014 оноос ИТДБ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Коосэн хөтөлбөр, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж 2024 он хүртэл 1000 гаруй инженер технологийн мэргэжилтэнг Япон улсад бэлтгэхээр зорьж байгаа юм.


Төслийн нийт өртөг 7.5 тэрбум иен буюу 129 тэрбум төгрөг. Үүнд оюутны сургалтын төлбөр, тэтгэлэг, судалгаа дэмжих санхүүжилтээс гадна МУИС, ШУТИС-ийн сургалт, судалгааны лабораториудыг шинэчлэх зардал багтаж байна. Манай улсын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт болж буй 10 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй энэхүү зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ санхүүжүүлж байгаа бөгөөд 2020-2040 онд үндсэн зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй.



ИТДБ-ын төслийн зохицуулагч Д.Намсрай: “Төслийн хүрээнд Япон улсад суралцсан хүн төгсөж ирээд эх орондоо 5 жил мэргэжлээрээ ажиллана гэсэн хатуу гэрээ байгуулдаг. Коосэн хөтөлбөрийн эхний ээлжийн 25 оюутан сургуулиа амжилттай төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллаж байна. Магистр, докторын хөтөлбөрт МУИС, ШУТИС-ийн 94 судлаач хамрагдсанаас 40 нь төгсөж ирээд өөрийн сургуульд багшилж байна. Япон улсад мэргэжилтэн бэлтэгхээс гадна 1.6 тэрбум иенийн төсөвт өртгөөр МУИС, ШУТИС-ийн сургалт, судалгааны лаборатори, тоног төхөөрөмжийг шинэчлэн байгуулах ажил өрнөж байна. Эхний ээлжийн худалдан авалтаар ШУТИС-ийн 30 лабораторид 1400 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүллээ. Ингэснээр манай оюутнууд хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн лабораторид судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байна” хэмээв.


Инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд 200 оюутныг Коосен сургалтын хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Коосэн буюу Японы Үндэсний технологийн коллежид дунд сургуулийн төгсөгчид элсэн суралцаж 5 жилийн хугацаанд инженерийн чиглэлээр бакалаврын өмнөх боловсрол эзэмшдэг. Япон улсын хэмжээнд 51 Коосэн сургууль байдаг бөгөөд төгсөгчдийн 60 орчим хувь нь шууд ажиллаж эхэлдэг бол 40 хувь нь их сургуульд дэвшин суралцдаг байна.   

Математик, физик, химийн хичээлээр ЭЕШ-д 650-аас дээш оноо авсан хүүхдүүд ШУТИС-ийн Бэлтгэл Коосен хөтөлбөрт элсэх боломжтой. Ингээд 1.5 жилийн хугацаанд мэргэжлийн хичээлийг япон хэл дээр гүнзгийрүүлэн судалж, EJU буюу Японы их дээд сургуульд элсэн суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд төслийн санхүүжилтээр Японы Коосен коллежийн гуравдугаар дамжаанд элсэн суралцдаг аж. Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн Бэлтгэл Коосен хөтөлбөрт 83, Япон улсад 88 оюутан механик, цахилгаан, мэдээллийн систем, барилга болон техник технологийн бусад чиглэлээр суралцаж байна.



ИТДБ-ын төслийн Коосен сургалтын хөтөлбөрийн ахлах багш Сакурай Чиёоко: “Манай хоёр орны соёл, нийгэмд ялгаатай зүйл олон бий. Бид хүүхдүүддээ хэлнээс гадна Японд амьдрах, суралцахад хэрэг болох дадалд сургахыг хичээдэг. Ихэвчлэн япон хэлний мэдлэггүй ч япон соёлыг сонирхдог хүүхдүүд элсэж байна” гэв.


Токио Метрополитен их сургуульд "Амин үзүүлэлтэд суурилсан анагаахын өвчин илрүүлэх системүүд, тэдгээрийн эмнэлгийн хэрэглээ" сэдвээр докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн лаборант Д.Сумьяа: “Хурдан бөгөөд бага зардлаар өвчин илрүүлэх арга буюу машин сургалтын санамсаргүй модны аргыг гурван системд туршсан судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл өмнөх мэдээллүүдэд суурилж шинэ мэдээллийг ангилж үзэх буюу өвчтэй хүмүүсийн мэдээллийг үндэслэн илрүүлэг хийж байгаа хэрэг юм. Энэ аргыг хэрэглээнд нэвтрүүлснээр эмнэлгийн хүрэлцээ, эмч нарын ачаалал багасгах чухал ач холбогдолтой” гэлээ.


ИТДБ төслийн хүрээнд ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль олон улсын стандартад нийцсэн судалгааны лаботраторитой болжээ. Манай орон байгаль цаг уурын эр тэрс уур амьсгалтай учир барилгын материалын бат бөх чанар чухал байдаг. Тэгвэл энэхүү лабориаторит мод, цемент, бетон зэрэг барилын гол материалын насжилт, бат бөх чанарыг тодорхойлох боломжтой болжээ.


ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Сүнжидмаа: "Манай лабориаторит суурилагдсан 12 төрлийн тоног төхөөрөмж янз бүрийн аргаар тухайн барилгын материалын бат бөх чанарыг шалгадаг. Түүнээс гадна хаягдал үнснээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг бид энд хийж байна. Байгалийн эрдэс чулуулгийн шаталтаас гарсан үнс барилгын материал үйлдвэрлэхэд чухал түхий эд болдог. Манай томоохон цахилгаан станцуудаас жилд сая гаруй тонн хаягдал үнс гардаг ч хаягдлыг хадгалах бассейний хүрэлцээгүй байна. Харин тухайн хаягдлаар бетон, тоосго, төрөл бүрийн хиймэл материал үйлдвэрлэх боломжтой. Энэ технологийг нэвтрүүлэх судалгааны ажил амжилттай явж байгаа ч ЭХЯ, БХБЯ бодлогоор дэмжих хэрэгтэй байна" гэв.  



Холбоотой мэдээ