Өлзийт сумын сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-11-29 14:05:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд барьсан 240 хүүхдийн сургуулийн шинэ барилгын нээлт энэ сарын 28-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс, аймаг сум орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид оролцож эрдмийн шинэ өргөөний үүд хаалгыг нээлээ.

1924 онд Өлзийт суманд анхны сургууль байгуулагдсан цагаас хойш өдгөөг хүртэл гурав дахь удаагаа ийнхүү шинэчлэгдэж байна. "1977 онд 320 хүүхдийн сургууль ашиглалтад орсон тэр жил Гомбожавын Занданшатар манай сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж байсныг санаж байна. Тэр хүү маань өнөөдөр энэ сум орон нутагтаа ийм сайхан шинэ сургууль барьж өгч байгаад бахархаж бас баярлах сэтгэл эрхгүй төрж байна" гэдгээ ахмад багш Г.Болд мөн үеэр хэлж байв.

Эрдмийн шинэ өргөөг “Зүүн шанд” ХХК богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ. Гурван давхар бүхий тус барилга дотроо саруулхан анги танхимуудтай, тус тусын спорт, урлаг, хурлын заал, амралтын өрөө, багш ажилчдын өрөөтэй зэргээр хүүхдийн сурч хөгжих, багш ажилчдыг тав тухтай ажиллах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Дуулгахад, УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллахдаа тус сумын 10 иргэнийг хоёр давхар бүрээстэй, шалтай, иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй болгожээ. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй, айлд амьдардаг, өрх толгойлсон эхчүүд болон архинаас хамааралтай байгаад засарч цаашид хөдөлмөрлөж хүн шиг амьдрах хүсэл зорилготой иргэдээс сонгон ийнхүү өргөө гэртэй болгосон байна.