ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл тогтоохыг батлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-29 16:15:18
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав.


Гэрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар энэ оны есдүгээр сарын 3-нд  Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд Иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ. 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав. Хуулийг баталснаар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх ажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, 1993 оны нэгдүгээр сард Монгол Улс, ОХУ-тай Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээг байгуулсан нь суурь гэрээ байсныг тодотгоод, тус гэрээнээс энэ удаагийн юугаараа давуу, ямар шат ахисан талаар тодруулав. Мөн хуулийн төслийг хугацаатай эсэхийг лавлалаа. 


Гадаад харилцааны яамны Гэрээ, эрхзүйн газрын дарга Төмөр, Энэхүү гэрээний 20 дугаар зүйлд заасны дагуу хугацаагүй дагаж мөрдөх бөгөөд энэ хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг тайлбарлав. Мөн Монгол, ОХУ-тай хийсэн хэлэлцээнээс гарсан 22 саналыг тусгасан. Тодруулбал, Улаанбаатар, Москвагийн тунхаглалд туссан болон бусад хоёр талын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлж санал оруулсан гэлээ. Тухайлбал, Мэдээллийн технологи, инноваци, парламент хоорондын хамтын ажиллагаа, ногоон байгаль орчныг хамгаалах, эрүүгийн эрх зүй, эдийн засгийн гэмт хэрэг, мөнгө угаахтай тэмцэх гэсэн чиглэл орсныг танилцууллаа. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Ингээд хуралдаанд оролцсон 40 гишүүний 28 нь буюу 70 хувийн саналаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. 

Холбоотой мэдээ