Жаргалант сумын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан зуух ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-30 21:23:01

Ховд /МОНЦАМЭ/. "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн зүгээс гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах боломжуудыг тодорхойлох зорилгоор 1000 гаруй айл өрхөөс судалгаа авчээ.

Энэ ажлын үр дүнд үндэсний үйлдвэрлэгч “Хайбрид Хаус” ХХК-тай хамтран ажиллаж, 1 сая 200 мянган төгрөгийн үнэтэй “Хайбрид халаагуур” буюу цахилгаан зуухыг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр Ховд аймгийн иргэдэд анх удаа үе шаттай олгох боломж бүрдүүлсэн байна. 

Тодруулбал, энэ жил Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын 80 орчим айл өрхөд цахилгаан зуух суурилуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 10 гаруй айл цахилгаан зуухаа хүлээн авч ашиглаж эхэлжээ.  

Монгол гэрт цахилгаан зуух суурилуулах ажлыг "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн баг, “Хайбрид Хаус” ХХК-ийн Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар буюу “Алтан орд констракшн” ХХК-ийн ажилтнууд хамтран гүйцэтгэж байна. Тэд монгол гэрт цахилгаан зуух суурилуулахаас гадна хэрхэн зөв ашиглах талаар иргэдэд мэдээлэл зѳвлѳгѳѳ ѳгч буй.

Цахилгаан зуух суурилуулах төлөвлөгөөт ажил Ховд аймгийн Жаргалант суманд үргэлжилж байна.

Монгол гэрийн цахилгаан зуух хэрэглэгчдэд очсоноор агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах аж. Улмаар тус цахилгаан зуух нь агаарыг хуурайшуулахгүй, үйлдвэрийн баталгаат хугацаатай, эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй, цахилгаан хүчдэл голохгүй, хоол хийх, цай чанах боломжтой зэрэг давуу талтай гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ