Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэж орлогынхоо 101 хувийг авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-03 09:37:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөрөнгө оруулагч үндэстэн форум "Ирээдүйдээ эзэн байя" уриан дор боллоо. Төрийн бодлого тодорхойлогчид, эдийн засаг, бизнесийн байгууллагын төлөөлөл энэ удаа тэтгэврийн тогтолцооны шинэчлэл болон салбарын хууль, эрх зүй, бизнес, хөрөнгийн салбарын зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.



Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: "Дээрх сэдвүүд өнөөгийн нийгэм, эдийн засгийн амьдралд хамгийн тулгамдсан, хүн бүрийн сэтгэлийг зовниулсан, тухай бүрдээ оновчтой шийдэл, хариулт нэхсэн асуудлууд гэж бид үзсэн. Салбар бүрийн манлайлагч, оролцогч, идэвхтнүүдийн үзэл бодол, санаа оноог нийтээрээ хэлэлцэж, хамгийн зөв шийдлийг шийдвэр гаргагчдад хүргэхэд энэ чуулганы эрхэм зорилго оршиж байна" гэв. 


Форумын хэлэлцүүлгээр хөндсөн чухал сэдвийн нэг нь тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудал байлаа. Хүн урт наслах боломж нэмэгдэж байгаатай холбоотой дэлхийн улс орнуудын тэтгэврийн өртөг нэмэгдэж, 1990-ээд оны сүүлээс өнөөг хүртэл тэтгэврийн тогтолцоогоо шинэчилсээр байна. Манай улс ч мөн тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх цаг болсныг энэ үеэр онцлов.


Монгол Улсын дундаж цалин 1.1 сая төгрөг байгаа ч тэтгэвэрт гарахдаа орлогынхоо 30 хувийг л авч, шууд эмзэг бүлэгт харьяалагдаж байна. Харин бусад орнууд Хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэснээр иргэд нэмэлт тэтгэврийн эх үүсвэртэй болж орлогынхоо 101 хувийг авч байгааг хэлж байлаа. 



Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай: "НДШ гэж нэрлэж байгаа ч өнөөдөр яг үнэн хэрэгтээ 20 хувийн татвар болчихсон байна. Үүн дээр нэмээд ОАТ, НӨАТ зэргийг тооцвол бараг 50 орчим хувийн татвартай орон боллоо. Бид хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлж, түүнийгээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хөгжүүлэх ёстой. Ингэснээр өнөөдөр манай улсад дутагдаад буй урт хугацааны капитал бий болно. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 30 настай хүн 20 гаруй жилийн дараа зах зээл дээр хөрөнгөтэй болсон байна. Нөгөөтэйгүүр манай томоохон бизнесүүдэд дутагдаж буй хөрөнгийг зээлийн хүүг бууруулах замаар олгож хөгжих боломж олгоно" хэмээн өөрийн удирдаж буй салбартай холбон тайлбарлалаа. 


Хөрөнгө оруулагч үндэстэн форумын хүрээнд болсон Meet the CEO уулзалтаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, Олон улсын санхүүгийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Байгаль Хаус ХХК-ийн ерөнхий захирал О.Байгаль, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Натур Саунд төвийн гүйцэтгэх захирал Б.Дашдондог нар оролцогчдын сонирхсон сэдвээр яриа өрнүүлсэн юм. 


Энэ үеэр төр, бизнесийн түншлэлийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатараас тодруулахад: "Бид 30-аад жилийн өмнө социалист орон байсан. Үүнийгээ ганц таягдаад хаядаггүй юм байна. Олон хүн төрийн зохистой оролцоо байна гэдгийг төрийн компаниуд тодорхой хэмжээнд байх ёстой гэж үздэг. Манай өнөөгийн нөхцөлд энэ бол буруу зүйл биш. Учир нь төрийн компаниуд алсдаа хувьцаагаа олон нийтэд борлуулбал олон түмний компани болно. Хөрөнгийн бирж бол хамгийн ил тод олон нийтийн оролцоотой байгууллага. Ялангуяа томоохон уул уурхайн төрийн компаниудыг авилгаас ангид, нээлттэй, хяналттай байлгаж хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн компани болгож чадах нь төрийн зохистой оролцоо юм" хэмээв. 


Холбоотой мэдээ