Тээврийн шилдэг жолооч нарыг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-02 16:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нийт тээвэрчнийхээ дунд “Саятан жолооч” шалгарууллаа.

Энэ удаагийн шалгаруулалтаар шилдэг тээврийн компани 5, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч тодорлоо. Шилдэг жолооч нарыг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” компани богино болон холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй ААН, 14 000 орчим жолоочтой хамтран ажиллаж байна. Тэдгээрийн дотроос найдвартай, тасралтгүй тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж буй тээвэрчдээ урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор “Саятан жолооч”-ийг 2 дахь жилдээ шалгаруулж байна. 


Шилдэг жолооч нарт шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гарагт буюу 11 дүгээр сарын 30-нд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд болж, компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй холбогдох нэгж, албадын ажилтнууд болон нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо. 

Энэ удаа эмэгтэй жолооч 2019 оны шилдгийн шилдгээр шалгарсан юм. Түүнийг Ц.Уранчимэг гэдэг бөгөөд тэрээр, “Би Дархан-Уул аймгаас ажилдаа явдаг. 21 хоног ажиллаад, долоо хоног амардаг бөгөөд жолооч болоод 15, “Говь транс” компанид харьяалагдан “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна.

95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн байдлыг сайжруулахаар ААН-үүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэсэн юм. 



Холбоотой мэдээ