Хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэнийг байнгын ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-03 15:28:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 3100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 590 хүүхэд байгаа нь нийт хүн амын 3 орчим хувийг эзэлж буй.

Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжүүлэх, тэдний идэвх оролцоог хангах зорилгоор “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт аймгийн удирдах ажилтнууд, холбогдох байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал солилцлоо.

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Бид бүтээж чадна" шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдааныг аймгийн ХХҮГ-аас зохион байгуулснаараа онцлогтой.

Тус байгууллага нь энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнга хүүхдээ асарч буй эцэг эхчүүдийн төлөөлөл 28 иргэнд 55 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан бөгөөд хоёр ажил олгогчид 10.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

“Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо /ХБХЭЭХ/ зэрэг байгууллага хамтран ажиллав.

 

Холбоотой мэдээ