Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг эцэслэн хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэв.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. (Энэ талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг тараасан гэдгийг дурдав. (Тогтоолын төслийн дэлгэрэнгүйг энд дарж харна уу)
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт их байгаа нь эргээд зээлийн хүү нэмэгдэх шалтгаан нөхцөл болж байгааг тодотгов. Тиймээс зээл, хадгаламжийн хүүг багасгах асуудалд Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан.
Монголбанкнаас энэ оны долоодугаар сарын 1-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн журмыг шинэчлээд, арилжааны банкны эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалт тавьжээ. Ингэснээр төвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлсэн гэж ажлын багаас хариулав. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкнаас зээлийн хүүг багасгахад цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна хэмээн хариултдаа онцолсон.
Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч төсөл санаачлагч гишүүн гадаадад албан томилолттой яваа тул уг төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.