Увс аймгийн тариаланчид сүүлийн 30 жилд давтагдаагүй арвин ургац авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-05 14:27:59

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярт оролцохоор Улаанбаатарыг зорьсон төлөөлөгчид аймагтаа буцаж ирсэн байна. Увс аймгийн газар тариалангийн салбарт хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, нас биеэ зориулан зүтгэсэн тариаланчид маань арвин их шагналтай иржээ. Тодруулбал, Монгол Улсын Гавьяат агрономич  цолоор нэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтангадас одонгоор зургаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар зургаа, Атарчдын алдар медалиар 100 гаруй тариаланч шагнуулсан байна.

“Энэ жил аймгийн хэмжээнд 15 мянга га-д тариалалт хийж, 26 мянган тн үр тариа хураасан нь сүүлийн 30 гаруй жилд давтагдаагүй арвин ургац хураан авсан бахдам сайхан амжилттай жил болж өнгөрлөө. Энэ нь сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа амжилт юм. Өнгөрсөн 11-р сарын 22-нд Улаанбаатар хотноо болсон Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойд Увс аймгийн тариаланчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, олон сайхан шагнал хүртээд ирлээ” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.

Холбоотой мэдээ