“Атар-60” аяны хүрээнд 17 сумаар аялсан хүндэт дэвтрийг ИТХ-ын даргад хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-05 11:01:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгийн тариаланчид, Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50-60 хувийг, төмсний 28 хувийг, хүнсний ногооны 40 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Энэ бол тус аймагт ажиллаж, амьдарч, үйлдвэрлэн бүтээж байгаа хэн бүхний бахдал юм. Тийм ч учраас өнөөдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчид хүндэтгэлийн хуралдаанаа алтан шаргал тариан түрүүгээрээ гоёж, ёслол төгөлдөр хуралдлаа.

Эл хуралдааны үеэр “Атар-60” жилийн аяны хүрээнд 17 сумаар аялсан хүндэт дэвтрийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр ойн баярын хүндэтгэлийн тугийг хурлын их танхимын хойморт залав. Түүнчлэн хурлын дарга, Засаг дарга, төлөөлөгчид хөрс шороогоо тордон экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нийт тариаланч, ногоочид, жимсний аж ахуй эрхлэгчиддээ талархал илэрхийллээ. Мөн хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд Атар газрыг эзэмшсэний 60 жилийн ойн медалийг гардуулж, хүндэт дэвтэрт сэтгэгдлийг нь үлдээн, гарын үсгийг нь мөнхөллөө.

Холбоотой мэдээ