Ирэх онд улсын төсвөөс 112.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-05 21:26:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар аймгийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын болон орон нутгийн төсөв бусад эх үүсвэртэй уялдуулан нэн шаадлагатайгаас шаардлагатайд эрэмбэлэн баталжээ.

Тодруулбал, Бодлогын есөн зорилт, 134 арга хэмжээг төлөвлөж, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 112.1 тэрбум төгрөгийн 55 ажил, арга хэмжээ тусгасан байна. 2019 онд 72.9 тэрбум төгрөгийн найман ажил, арга хэмжээг үргэлжлүүлэн дуусгахаар, 2020 онд 39.2 тэрбум төгрөгийн 27 ажил, арга хэмжээг шинээр эхлүүлэхээр тусгасан "Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг баталсан байна.

Мөн аймгийн төсвийн нийт орлогыг Сангийн яамнаас 9.5 тэрбум төгрөгөөр хянасныг 11.3 тэрбум төгрөг болгож 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсвийн орлогын 8.1 тэрбум төгрөг аймгийн төсөвт, 3.2 тэрбум төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Төсвийн зарлагын чиглэлээр Төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлснээс гадна Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын дагуу төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгохоор болсон байна.

2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол болон ЕБС-ийн "Үдийн цай" хөтөлбөр, дотуур байрны хоолны зардлыг 50 хувиар тус тус нэмэгдүүлэхээр "Аймгийн 2020 оны төсөв"-т суулгажээ.

Холбоотой мэдээ