АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-06 12:29:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг соёрхон батлав.


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор дээрх гурван үе шаттай төслийг 10 жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх аж.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь дэмжиж, баталсан юм. Төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ