Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авлаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-12-10 20:17:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХҮЭҮК-оос Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн байгууллага болон ТББ-уудын төлөөлөл, өмгөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын Дундговь аймгийн референт Т.Баярцэцэг хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалыг танилцуулж, оролцогчид хуулийн төсөлд оруулах саналаа хэлсэн юм.

ХЭҮК-оос хийсэн судалгаагаар хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, энэхүү асуудлыг тусгайлан авч үздэггүй, айлган сүрдүүлэх, дарамтлах, амь нас, бие  махбодид халддаг, шүүхэд хандана хэмээн дарамталдаг, нэр хүндэд халддаг, мэдээлэл авах боломжийг хязгаарлах, мэдээлэл өгөхөөс татгалздаг, төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргадаг, үзэл бодлоор эрхийг нь хязгаарладаг гэх мэтчилэн олон асуудлыг тодорхойлон гаргажээ.

Тиймээс хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн орчныг бүрдүүлэх  зайлшгүй хэрэгцээ байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн бүлэг, заалт бүрийг авч үзэн хэд хэдэн саналыг гаргасан бөгөөд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог илүү тодорхой болгох, аймаг, суманд энэ тогтолцоо хэрхэн ажиллах талаар нэмэлт заалт оруулах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд гомдол, саналаа хаана, хэнд хэрхэн гаргах талаар илүү тодруулж өгөх гэсэн саналуудыг гаргажээ.

Холбоотой мэдээ