ЭГШИГ МЭТ ДУУРЬСАГЧ ТЭР

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-12-12 16:03:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


Бүтээл нь сэтгэлд хүрч, санахын төдийд зохиосон аялгуу нь чихэнд эгшиглэвч үүх түүх нь чамгүй холдож одсон хүн бол МУАЖ, Зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж юм. Учир нь тэр анх хэрхэн хөгжимчин болох замналаа эхлүүлсэн, ямар хүүхэд байсан зэрэг нь одоогийн шинэ үеийн уншигчдийн хувьд бүрхэг. Түүний хүүхэд насны амьдрал ихээхэн баялаг түүхтэй. Ядуу тарчигхан ард Лувсанжамбын хүү тэрээр гурван настайдаа ээжээсээ хагацаж хагас өнчин амьдрал дунд үлджээ. Гэвч түүнд хэн бүхэнд заяагдахааргүй хишиг олдож Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамба хутагтын өргөмөл хүү болох аз тохиосон юм. Богд хааны ордонд, түүний сүүлчийн хатан болох Дондогдуламтай авахуулсан зураг нь үүний гэрч болон үлдсэн байдаг.


Ийнхүү хааны өргөмөл хүү болсон тэрээр гурван жилийн дараа Богд хаан таалал төгссөний хойно гэртээ буцсан юм. Өөрийн гэсэн хуучир хөгжмөөр чадан ядан тоглодог байсан бөгөөд нэгэн удаа тухайн үеийн “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулахаар нь босго даван орсон нь ирээдүйд төр улсынхаа сүлд дууллын эгшиг аялгууг бүтээх их хүмүүн урлагийн ертөнцөд хөл тавих эхлэл болсон юм. Мөнхүү түүний эгч, авга ах, дүү нь хүртэл шанз, лимбэ тоглодог дуу хуурт дуртай хүмүүс байсан нь түүнд анхнаас нь өгөгдчихсөн хөгжмийн авьяасыг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж санагдана.


Түүний олон алдартай бүтээлүүдээр монгол хүн бүрийн зүрх сэтгэл хөглөгдөж, хөгжмийн урлагт түүхийн олон шаргал хуудас нэмэгдсэн юм. Хамгийн анх түүний “Намрын өнгө” дууны аялгуу дурлаж эхэлсэн цагаас хойш бүтээлүүдийг нь хойш бус урагшлуулж, түүх сөхөж байж мэдэх хэрэг гарсан билээ. Учир нь “Намрын өнгө” дууныхаа аялгуунаас өмнө тэрээр олон сонгодог эгшгийг бүтээчихсэн байсан хэрэг.




Харин “Намрын өнгө” дууг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулснаар анх олж сонссон юм. Мэдээж хувь хүний сэтгэл хөдлөл, уран сэтгэмжийг агуулсан бүтээл туурвихад дуу авиа хамгийн чухал. Ерөөс дуу авианаас хөгжим өөрөө үүсдэг гээд хэлчихэд болно. Харин “Намрын өнгө” дууны аялгуу яг л монголчуудын намар цагийн байгалиас хүртэж мэдэрдэг дуу авианы нийлэмж шиг сонсогдсон билээ. Аялгуу эхлээд чихэнд хүрч дараа нь сэтгэлд мэдрэгдэнэ. Тэрхүү мэдрэмж аялгуунд оноосон нэрнээс бус аялгуунаас өөрөөс нь хүртэгдэх ёстой. Яг л энэ дүрмийн дагуу дээр эгшиг өөрөө “монголын намар”-ыг тодорхойлж чадна. Сонсогч тухайн хөгжмийн эгшигт уусаж, өөрөө нэгэн хэсэг болсон мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц бүтээлүүдийг Л.Мөрдорж туурвидаг байлаа.


Монголын урлагийн ихэнх томоохон сэхээтнүүд Орост боловсрол эзэмшсэн байдаг. Тэдний нэгэн адил Л.Мөрдорж ч мөн 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд суралцаж төгсчээ. Тэндээс тэр эх орныхоо байгалийн аялгуулаг чанар, уран бүтээлчийн эрхэм чанаруудыг эзэмшсэн шиг санагддаг. Учир тэр Москвагийн хөгжмийн их сургуульд орсон даруйд нэг жилийн хугацаанд БНМАУ-ын “Төрийн дуулал”-ын аялгууг зохиосон байв. Өөрсдийн үүх түүх, эв хамтын хүч, уналт, сэргэлтийг үг үсэг, аялгуу бүрт нь шингээж хийсэн Төрийн дуулал ч мөн өөрийн гэсэн түүхтэй. Хамгийн анх өөрсдийн удам угсааг эргэн сануулсан “Эртний сайхан” дууг Чингис хааны үеийн төрийн сүлд дуулал хэмээдэг байсан гэх аман яриа бий. Харин Богд хаант Монгол Улсын үед “Зуун лангийн жороо луу” гэх шашны хүндэтгэлийн дууг сонгон эгшиглүүлж байлаа. Түүнээс цааш 1921 онд ардын хувьсгал ялж, 1924 онд С.Буяннэмэхийн “Монгол интернационал” дууг Төрийн ёслолын үеэр эгшиглүүлж байхаар сонгосон байдаг. Ийнхүү дараагаар нь бидний өнөөдөр ая нь эгшиглэхэд хүн бүр босч зүрхэн дээрээ гараа тавьж байгаад “Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт” хэмээн дуулдаг Төрийн сүлд  дууны түүх эхэлсэн байдаг. Тус дууг бүтээх санаа анх 1946 оноос эхэлж яригджээ. Харин 1950 онд олон хүний хүсэл зорилго, санаа сэдлээс жишээ авч бүтээсэн “Төрийн дуулал”-ийн үгийг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, аяыг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар зохиосон түүхтэй. Эхний хувилбараас хойш 1961 онд шинэчилсэн бөгөөд цаг үеийн байдлаас шалтгаалан “Зөвлөлт оронтой заяа холбож Дэвшилт олонтой санаа нийлж” хэмээн үгсийг нь өөрчилсөн байдаг. Харин 1991 онд дахин шинэчилснээр монголчууд 2006 он хүртэл дуулсан юм. Яг тэр цаг мөчид их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ой тохиосон бас өнөөгийн бидний дуулдаг “Төрийн дуулал” гурав дахь удаагаа өөрчлөгдсөн түүхтэй.


Л.Мөрдорж 1955 онд монголын анхны симфони хэмээн өөрийн эх орны хөгжмийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн “Миний эх орон” симфони бичив. 20 дугаар зууны монголчуудын түүх, мал аж ахуй, нэгдэл зэрэг олон зүйлс тус аялгуунаас мэдрэгддэг. Тэгэхээр сурч мэдсэн зүйл дээрээ үндэсний хэв маягийг нэмж, сонатын хэлбэрт оруулж туурвисан энэхүү томоохон бүтээлийг тэр алс холын алтын Москвад байхдаа бүтээн туурвисан юм. Хөгжмийн хэмнэл, соёл нь өрнийн урлаг боловч сэтгэлгээ нь цэвэр монгол бүтээл байв. Орчин цагийн монгол дахь хөгжмийн хөгжлийн эхэн үед хамаарах тус бүтээл нь яалт ч үгүй уран сайхны шинэтгэлийн түвшинг тодорхойлох зааг дээрх гоц эгшиг болж чадсан юм. Тиймээс л орчин цагийн хөгжмийн “сонгомол” төлөөлөгчийн нэг болсон хэрэг.


Социализмын үед хийгдэж байсан олон монгол кино, тэр дунд “Энэ хүүхнүүд үү”, “Морьтой ч болоосой”, “Ардын элч” зэрэг бидний мэдэх олон уран сайхны киноны хөгжмийг тэр бичжээ. Мөнхүү “Алтан өргөө” киноны хөгжим ч Л.Мөрдоржийн бүтээл гэдгийг иэх хүмүүс мэднэ. Хөгжмийг нь сонсох бүрт л киноны жанрт бүрэн тохирсон ид шидийн аялгуу л урсаад байх шиг мэдрэгдэнэ. Мөн 1958 онд бичсэн  “Орчин үеийн Монгол” болоод 1971 оны “Миний Монгол” зэрэг баримтат киноны хөгжмүүд нь ч гоёЕр нь дан хөгжмийн бүтээл маш ихийг бичсэн нь бийДээр нь симфониос авхуулаад төрөл бүрийн жанраар уран бүтээл туурвиж байсан бөгөөд манай улсын үе үеийн сонгодог хөгжимчид тайзнаа амилуулж, тоглосоор иржээ.


Тэрээр алдарт морин хуурч Д.Түдэвийн гарын шавь бөгөөд анх “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулахаар ирэхэд багш нь түүнийг олж харсан гэдэг. Түдэв хуурч Монголын олон зууны морин хуурын эрдмийг өөртөө шингээсэн хүн байв. 1938 онд японы тагнуул хэмээх хилс хэргээр хэлмэгдэж нас барсан энэ хүн хөгжмийн урлагийн зуун дамжин амьдрах шавиа сурган хүмүүжүүлсэн нь Л.Мөрдорж билээ.




Мэдээж хүн болгон суут биш. Харин дан ганц хүн зуун дамжин үргэлжид дуурьсах хөг аялгуу бүтээж, улс эх орны хөгжил цэцэглэлт, уналт, мандан дэвшлийг бүтээлдээ шингээнэ гэдэг асар их хөдөлмөр, авьяас юм. Өөрийн хөгжмийн хэлээр өөрийн гүрний түүхийг туурвисан нь улс орон тусгаар оршихуйн нэгээхэн том баталгаа болсон хэрэг.


Одоо бол Хилийн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга Л.Мөрдоржийн нэрэмжит болсон. Энэ тухай Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Үндэсний урлагийн их театр буюу Улсын ардын дуу бүжгийн чуулгын Төрийн их найрал хөгжим, бүх чуулгуудын үндэсний найрал хөгжим, үндэсний хөгжмийг олон улсын түвшинд бүтцийн хувьд ч, бүтээлийн хувьд ч авчирч тавьсан нөхөр бол Мөрдорж” хэмээсэн удаатай.  Судлаачид ч мөн “Монгол үндэсний найрал хөгжмийн сонгомол дэг сургуулийг бий болгож, манай шинэ үеийн хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд асар их гавьяа байгуулсан” гэж дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. 


СГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг энэ тухай дүгнэж хэлэхдээ “Л.Мөрдорж гэрийн хөгжмийг тайзан гаргасан” гэсэн нь хамгийн оновчтой тодорхойлолтуудын нэг. Тайзан дээр дуулагдах сонгомол загвартай, үндэсний хэв маягтай бүтээлүүдийг Л.Мөрдорж туурвиж зуунд дурсагдах түүх намтараа нотны аялгуугаар ийнхүү ботилсон юм.

Холбоотой мэдээ