Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-13 21:37:37
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2019” жилийн ажил, түүхт 41 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны 2019 оны ажлын тайлангийн хурал боллоо.

Тус үйлдвэр, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай найман чиглэлээр хамтран ажиллаж байна. Өнөөдөр хамтын ажиллагааны төлөвлөгөөт ажлын явцыг хэлэлцлээ. Тухайлбал 2019 онд, Эрдэнэт үйлдвэрийн ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн хэсэг Шинжлэх ухааны академитай хамтран цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг үнэргүйжүүлэх инновацийн түвшний томоохон ажил хийж байгаа юм. Хаягдал лагаас усыг нь шүүх замаар үнэргүйжүүлэх туршилт судалгааны ажлын үр дүн энэ хавар мэдэгдэх юм. Мөн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах, цагаан тоосны дэгдэлтийг багасгах зэрэг байгаль орчны чиглэл ч Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд багтаж, туршилт судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм.

Уул уурхайн үйлдвэрлэл нь ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэл, эрчим хүчний хангамж, дэд бүтэц, логистик, эдийн засаг, менежмент, байгаль орчин, аюулгүй ажиллагаа гээд олон салбарыг хамарсан нарийн төлөвлөлт бүхий үйл ажиллагаа юм. Эрдэнэт үйлдвэр энэ үйл ажиллагааг 41 жилийн турш шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсэн дээр удирдаж ирсэн. Тийм ч учраас “Эрдэнэт” тогтвортой хөгжиж, олон жил үр ашгаа өгч байгаа аж. 

 

 

 

Холбоотой мэдээ