Төрийн албаны нөөцөд 1116 хүн багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-16 16:32:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн ажилтай  өнөөдөр  танилцав. Энэ үеэр Төрийн албаны сонгон шалгаруулалтад 8894 хүн бүртгүүлснээс гурван шатны шалгуурт 1116 хүн тэнцэж, төрийн албаны нөөцөд багтсан тухай тус зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун мэдээлэв. 


Мөн 2018 онд төрийн албан хаагчийн буруугаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирсныг дурдаад, Төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав.


Тус зөвлөл 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, 10 үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлснийг онцлов. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагыг шалгахад төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албанд гэрээгээр ажиллуулах зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.  Мөн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа аж. 



УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн ажилтай танилцсаны дараа Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Энэ үеэр тэрбээр, 2017 оноос хойш Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулснаа дурдаж байв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгааг онцоллоо. Мөн төрийн албанд танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг ажиллуулж, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг чиглэл болгосон юм.


Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөснийг тэмдэглэв. 

Холбоотой мэдээ