Улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЦэцэрлэг хотноо Архангай аймгийн ардын намын ээлжит гуравдугаар хуралдаан, Ардчилсан холбооны ээлжит бус хурал энэ сарын 15-ны өдөр тус тус боллоо.
Ардын намынхан хуралдаанаар ИТХ-ын сонгуульд хэрхэн яаж оролцох асуудлыг ярилцсан сурагтай. Тус хуралдаанд сурвалжлагчид болон гадны ганц ч хүнийг оруулсангүй.
Архангай аймгийн Ардчилсан холбооны хуралд сум бүрээс ахмад, залуучууд, эмэгтэйчүүд болон Ардчилсан намын төлөөлөл дөрвөн хүн оролцлоо. Энэхүү хурлаар аймаг, сумын МоАХ-ны салбарыг үүсгэн байгуулагч анхдагч гишүүд хийгээд чуулганыхаа гишүүдэд батламж, үнэмлэх гардууллаа.
МоАХ-ны шинэ дүрмийн төслийг танилцуулж, тэдний саналыг авснаас гадна аймгийнхаа Ардчилсан холбооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлав. Чуулганы гишүүдээс удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинэчиллээ. МАН, МАХН, ИЗНН-аас тус хуралдаанд гишүүд оролцлоо. Хуралдааныг орон нутгийн телевизээр шууд дамжууллаа. Ийнхүү хаалттай, нээлттэй хурлууд өндөрлөв.
Архангай аймаг. Л.Булган