Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-17 16:41:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчидтэй дотоод хяналтыг сайжруулах талаар өнөөдөр уулзлаа.

Уулзалт сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бялуу, нарийн боов, хиамны үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний томоохон бөөний худалдааны төв, зах, агуулах болон сүлжээ дэлгүүрийн удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтнууд оролцлоо.

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин, хордлого халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт тавьж ажиллахыг уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулав.


Мөн хүнсний тээвэрлэлт, хадгадалт, хаяг шошго, худалдаанд тавих шаардлагын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргав. Үүнд:

  • Гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай, хадгалалтын хугацаа дуусаагүй, хаяг шошгын шаардлага хангасан хүнсний түүхий эд, нэмэлтүүдийг хэрэглэх, тэдгээрийг хадгалах нөхцлийн дагуу зориулалтын агуулахад төрөлжүүлэн хадгалж, хяналт тавьж бүртгэл хөтлөх,
  • Үйлдвэрлэлд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн, шинжилгээ баталгаажилттай, хүнсний зориулалтын уут, сав баглаа боодол, таг, бөглөө, хэрэглэх,
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааварт түүхий эд, нэмэлтийн орц хэмжээг нарийвчлан тусгаж, технологийн шат дамжлага, үе шат бүрт тухайн түүхий эд заасан тун хэмжээгээр байгаа эсэхэд дотоодын хяналтын нэгж, ажилтан давхар хянан баталгаажуулж бүртгэл хөтлөх, технологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн горим, үзүүлэлтийг тусган, хөөн илрүүлэх болон залруулах зааврыг мөрдөж ажиллах;
  • Түүхий эд хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх үйлдвэрлэлийн технологийн урсгалыг тасралтгүй нэг чигээр явагдахаар зохион байгуулах;
  • Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний цуврал бүрийг дотоодын хяналтын лабораторид, мөн улирал бүр хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж баталгаажуулсан байх;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох “урагш нэг шат”, “хойш нэг шат” бүртгэлийг аргачлалын дагуу хөтөлж ажиллахыг тусгажээ. 
Холбоотой мэдээ