Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив.
Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, хэлтэст олгоно. 15.4 сая еврогийн зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа хоёр жил байх юм.
Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашинтай байгаа нь албаны бэлтгэл, бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг юм. Энэ нь улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймэрт түргэн шуурхай очих, бүрэн унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулав
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолооор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгосон. Энэ нь улс, бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан гэж үзлээ. Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ худалдан авах ажиллагаа хариуцах болсон нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг алдах зэрэг сөрөг тал бий болгосон байна.