Хэнд сэтгэл байна, түүнд хүч оршдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй,
хүртээмжтэй орчин бүрдүүлсэн “Гэрэлт-25” төслийг санаачилж, нийгэмд гэрэл асаах
зорилго нэгт “Гэрэл гаргагчид” ТББ-ын залуустай хамтран төслөө амжилттай хэрэгжүүлсэн
хүн бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Шатар овогтой Мөнхзул юм.
Тэрээр АШУҮИС-ийн оюутан.
Энэ насандаа баймгүй их санаачилга, хүнлэг сэтгэл, хүсэл
тэмүүлэл түүнээс гардаг. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” хэмээн хэлэх дуртай энэ
бяцхан охин Улаанбаатар хотноо хүмүүнлэгийн олон үйлс бүтээж, бусдад чин
сэтгэлийн гараа сунган тусалж явна. Хэнд сэтгэл байна, түүнд хүч оршдог,
зорилго нь тодорхой бол хүрэх арга зам заавал олддог ажээ.
Тэрээр Нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургууль дээр
"Гэрэлт 25" төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ. Тус сургуульд
хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэдний 30 орчим хувь нь
тулгуур эрхтний бэрхшээлтэй. Харин сургууль олон жилийн өмнө ашиглалтад орсон,
хуучирсан, стандартад нийцээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохиромжгүй
барилгатай байжээ.
Тэрээр найзуудтайгаа тэргэнцэр дээр суугаад тэдэнд ямар
бэрхшээл тулгамдаж байдгийг биеэрээ үзэж мэдрэхдээ өөрийн эрхгүй уйлж байснаа
ярьдаг. Хэн нэгнийг ойлгож мэдрэхдээ түүний амьдралаар амьдраад үз хэмээн
ярьдаг. Энэ залуучууд ингэж л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зовлонг биеэрээ
мэдэрсэн.
25 дугаар сургуулийг засч, ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд
төсөл бичээд 100 гаруй байгууллагад хандаж, өдөр болгон хариу хүлээгээд, маш их
догдолдог байснаа тэрээр хуваалцсан юм.
Тэдний төслийг Оюу Толгой ХХК дэмжиж, 143.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
хийснээр төслөө хэрэгжүүлж, тус сургуулийн барилгыг цахилгаан шат (лифт),
стандартын хананы бариул, ариун цэврийн өрөө, орц гарцтай болгож, өдөр өнжүүлэхийн
өрөөнүүдийн асуудлыг бүрэн шийдэж өгчээ. Нэг ёсондоо сургууль шинэ сургууль шиг
л өнгө зассан.
“Одоогоор тус сургуулийн сурагчид маань аюулгүй, хүүхдэд
ээлтэй стандарт бүхий орчинд суралцаж байгаа. Монголын анхны хүүхдэд ээлтэй
жишиг тусгай сургууль болсон” хэмээн Мөнхзул охин бахархалтай ярьсан юм.
Түүний найзуудтайгаа хийсэн олон олон ажил нийгмийн
сайн сайхны төлөө үргэлжлэн явж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зорилтот
долоон бүлгийг сонгон авч, бүлгүүдээ чадавхжуулах лекц, сургалт, үйл
ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нэг өрхийг гэр оронтой болгож, хөгжлийн
бэрхшээлтэй нэг охинд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг өгч, "Эрдэм"
асрах төвийн 100 орчим хүүхдийг баярлуулаад байгаа аж.
Ирээдүйд эмч болох энэ бяцхан охин хичээлийнхээ хажуугаар
“Ujin Mongolia” брэнд, “Cinderella beauty clinic”, “IsIspharma”, “Exclusive
brand”, “Triple chocolate”, “Ener
dental”, “U-point” залуусын лояалти хөтөлбөрийн нүүр царай болон ажиллаж байгаа
гэлээ.
Хөдөлмөрч, хүмүүнлэгийн үйлстэн, ирээдүйн эмч энэ охин
гар бөмбөг, иог хийх, гар урлал, нүүр
будалт хийх сонирхолтой. англи, япон, солонгос хэлний боловсролтой бөгөөд герман хэл сурч эхэлж байгаа ажээ.
15-хан насандаа дунд сургуулиа төгсч, эмч болохоор оюутан
болсон бяцхан охин дөнгөж 20 шүргэж яваа энэ л
насандаа баймгүй ихийг хийж, бусдын сайн сайхны төлөө учир утгатай,
залуучуудад үлгэр дууриал болон амьдарч байна.