Их-Уул сумын хүүхдүүд ирэх жил шинэ хичээлийн байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-26 13:22:01

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Их-Уул суманд барьж буй 640 хүүхдийн сургуулийн барилгын явц 80 гаруй хувьтай байна.

Тус барилгыг улсын төсвийн 4500,0 сая төгрөгийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд ирэх хавар ашиглалтад орох ажээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын А, В, Б  блокийн гадна дотор өрлөг, шавар цахилгаан, сантехник, дээврийн ажлуудыг хийсэн. Нэмэлт санхүүжилт шийдэгдээгүйн улмаас түр зогсолт хийсэн байгаа тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд тус сумын ерөнхий боловсролын сургууль нь гурван хичээлийн байртай бөгөөд хоёр барилга нь 1973 онд ашиглалтад орсон. Харин 320 хүүхдийн хичээлийн байр нь 2010 онд ашиглалтад оржээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж өдгөө 1320 хүүхэд гурван хичээлийн байранд хичээллэж байна. Сургуулийн хуучин барилгууд нь хүүхэд сурч хүмүүжихэд тохь тух муутайгаас гадна стандарт зай талбай бага ажээ.


Шинэ хичээлийн барилга хүүхдүүдийн сурах

орчныг бүрдүүлж чадна гэв

Завхан аймагтаа хамгийн их суралцагчтай Их-Уул сумын сургуулийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтай байтал нэг хичээлийн жилд дунджаар 93 хүүхэд бүртгүүлж, ид ачааллын үед 100 гаруй хүүхэд амьдардаг байна.

2017 онд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг 31 объектод Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалт хийхэд “ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан байна. Сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй зарим компани ажилдаа хариуцлагагүй хандаж, дулаалга сайн хийгээгүйгээс болж хүүхдүүд өвөл гадуур хувцастайгаа хичээлдээ суухад хүргэсэн тохиолдол бий. Араас нь хөөцөлдөөд ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Мөн зарим сургуулийн хана цуурсан, дээврээс нь бороо, цасны хайлсан ус гоожсон зэргээр сүүлийн жилүүдэд шинээр барьсан барилгуудаас чанар муу нь хэд хэд бий. Тиймээс боловсрол, соёлын салбарт шинээр барьж буй барилгын чанаруудад манай байгууллагаас маш их анхаарч байгаа. Завханд ерөнхий боловсролын 29 сургууль 1962-2019 онд баригдсан 53 хичээлийн байрт үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл нийт ерөнхий боловсролын сургуулийн 84.9 хувь нь 20-81 жил болсон насжилт өндөртэй барилга байна. Их-Уул суманд барьж буй хичээлийн байр ирэх жил ашиглалтад орчихвол сургуулийн хүүхдүүдийн сурах орчныг хангасан томоохон бүтээн байгуулалт болно хэмээн аймгийн БСУГ-аас нэмж дуулгалаа.


Сумын эрүүл мэндийн төв нээлттэй хаалганы

өдрийг хэвшил болгожээ

Их-Уул сумын эрүүл мэндийн төвөөс жилд хоёр удаа нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо нэртэй нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг байна.

Энэ үеэрээ иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өгдөг ба өнөөдрийн байдлаар 1060 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тухай мэдээлэв. Нээлттэй хаалганы өдрөөр эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд долоон өртөөнд хуваагдан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, зарим тохиолдолд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийдэг. Тухайлбал биеийн жин, өндөр үзэж БЖИ тодорхойлох, артерийн даралт үзэж зөвлөгөө өгөх, халдварт бус өвчний илрүүлэг цусанд сахар үзэх, В,С вирусийн шинжилгээ авах, сувилахуйн тусламж үйлчилгээ, 30-60 насны зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийн судалгаа авах, ундны усны савны хэрэглээ, гар угаах дадлын судалгаа гэхчлэн тусламж, үйлчилгээг нэг дор үзүүлжээ.

Нэг удаагийн нээлттэй хаалганы өдрөөр давхардсан тоогоор 640 гаруй удаагийн сувилахуйн тусламж үйлчилгээг нэг өдөр үзүүлсэн аж. Түүнчлэн энэ үеэр ус ба эрүүл мэнд, гараа зөв угаах ба зөв зохистой хооллоё, эмэгтэйчүүд ба эрүүл мэнд сэдвээр иргэдэд зөвлөгөө өгч, гарын авлагуудыг иргэн бүрд тарааж өгдөг уламжлалтай ажээ. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, цагаан хоолны амталгаат үзэсгэлэнг 24 нэр төрлөөр хийж мацаг барих, цагаан хоолны ач тус, давсны хэрэглээг бууруулах зэрэг эерэг зөв дадал, зөвлөгөөг иргэддээ өгч байгаа тухайгаа сумын ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ