Олон улсын цээж тооллын тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-26 16:33:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд багаараа амжилттай оролцож, аваргын цом авсан сурагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.


Камбож Улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7-8-нд болсон Олон Улсын соробан сампин, цээж тооллын USMAS тэмцээнд дэлхийн 40 улсын 4000 хүүхэд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн. Тус тэмцээнд Тояа хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 аваргын цом, 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртсэн байна. Тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгийн 6-14 насны сурагч оролцсон бөгөөд дээд түвшний оноог Хөвсгөл аймгийн Түнхэл тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Тэргэл авчээ.



Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюун ухааны чадвараа хөгжүүлээд зогсохгүй эх орноо төлөөлж Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулж, хичээл зүтгэл гаргасанд хүүхдүүдэд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн эдгээр хүүхдийг бэлтгэн сургаж, хүмүүжүүлж төлөвшүүлж буй багш нараар бахархаж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ