7500 гаруй иргэн хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-26 17:08:31

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт зорилтот бүлгийн 1435 өрхийн 7569 иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг үзүүлж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 22-ны А/16 дугаар тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ олгох босго оноог 310.0  ба түүнээс доош оноогоор тогтоосон байдаг аж.

Дээрх үндэслэлээр 7500 гаруй иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан бөгөөд эдгээр иргэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулсан дэлгүүрээр дамжуулан үйлчилгээ авч байна. Гэрээт үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх ёстой. Өнөөдрийн байдлаар гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг нэр төрлийн хүнсний зүйлийг иргэдэд бичгээр олгож байгаа аж.

Ташрамд дээрх дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний чанар, хугацаа болон тендерт шалгарсан үнээр иргэдэд үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, цаашид анхаарах зүйлүүдэд зөвлөмж, шаардлагыг холбогдох газруудаас тухай бүр хүргүүлж ажилладаг аж. 2017 онд зохион байгуулсан Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаагаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд Завхан аймгийн 14336 өрхийн мэдээлэл бүртгэгджээ.

 

Холбоотой мэдээ