Монгол Улсын Онцлох хүүхдээр "Номун далай" цогцолборын сурагч шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-26 22:49:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Онцлох хүүхдээр "Номун далай" цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч Сэджавын Гантуяа тодорлоо.
2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.
Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, сурлагын амжилт, урлаг уран бүтээл, биеийн тамир спорт, эх орны түүх соёл, өв уламжлал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүн болон багийн амжилт үзүүлсэн байдлаар нь есөн төрлөөр шалгаруулалт явуулжээ. Тэгвэл Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын номинацид Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч С.Гантуяа оны онцлох хүүхдээр тодорч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шагналаа гардан авсан байна.
“Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон хүүхдүүд Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг түүчээлэн, зөв монгол хүн болж төлөвшин, Монгол Улсаа хөгжүүлэхийг найзууддаа уриалж байв.
Оны онцлох хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй аж.
Ташрамд, С.Гантуяа нь "Номун далай" цогцолбор сургуулийн түүхэн дэх Монгол Улсын шилдэг сурагч болж буй ес сурагч юм байна.

Холбоотой мэдээ