Тэргүүн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржав-150 жил” үзэсгэлэнгийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-30 14:54:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Тэргүүн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржав-150 жил” үзэсгэлэнг Дундговь аймгийн музейд байршуулж, “Чагдаржав сан”, аймгийн ЗДТГ, Музей хамтран үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.  

Нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа, “Чагдаржав сан”-ийн тэргүүн Б.Амарсанаа, Түүхийн ухааны доктор Г.Дашням, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, мөн сумын Засаг дарга Р.Мөнхтогтох, Музейн захирал М.Бямбажав, албаны бусад хүмүүс, иргэд оролцож, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын авьяаслаг сурагчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барив.

Мөн энэ үеэр Түүхийн ухааны доктор Г.Дашням үзэсгэлэнд гарч буй үзмэрүүдийг тайлбарлан, Г.Чагдаржавын түүхэн баримтуудыг танилцуулсан юм.

Тус үзэсгэлэнд Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошууны газрын зураг, нутгийн цэс, ноёдын гэрийн үеийн бичмэл, өргөмжлөл, эх материалууд, Г.Чагдаржавын засаг залгамжилсан, албанд томилогдсон, хэргэм зэрэг шагнуулсан, хүрээний Түр засгийн газар, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч Яамны тэргүүн сайдаар ажилласан, олон улсын гэрээ хэлэлцээрт оролцсон, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан таван замын байлдаанд оролцсон зэрэг үйл явдалд холбогдох зарлиг, харилцсан бичиг, захидал зэрэг олон сонирхолтой ховор баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ.

Үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэн түүхэн баримтуудаа дэлгэн үзүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ