Байгалийн гамшгуудын улмаас учирсан хохирол 1 тэрбум ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-12-30 17:04:13

ПРЕТОРИ. /TASS/. Улиран одож буй 2019 онд дэлхий дээр 15 удаа байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон бөгөөд тэдгээрээс учирсан шууд хохирол 1 тэрбум ам.доллараас давсан гэж Өмнөд Африкийн SABC радио байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлдэг олон улсын хүмүүнлэгийн “Christian aid” байгууллагын мэдээллээс иш татан дамжуулжээ.

 

2019 онд болсон байгалийн гамшгуудаас долоо нь тус бүр 10 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулжээ. Байгалийн гамшигт АНУ, Япон, БНХАУ болон Энэтхэг улс хамгийн их өртсөн байна.

 

АНУ-ын Калифорни муж улсад 10-11 дүгээр сард гарсан ойн түймэр хамгийн их буюу 25 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. “Christian aid” байгууллагын мэргэжилтнүүд хохирлын хэмжээг тооцохдоо гамшигт өртсөн хүмүүс болон компаниудад олгосон даатгал, нөхөн төлбөрийг харгалзсан байна.


Учруулсан хохирлын хэмжээгээр хоёрдугаарт 10 дугаар сард Японыг дайрсан “Хагибис” хар салхи оржээ. Уг хар салхины улмаас 15 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Гэхдээ есдүгээр сард дэгдсэн "Факсай" хар салхинаас учирсан хохирлын хэмжээг нэмбэл энэ тоо 24 тэрбум ам.доллар болно.


Гуравдугаарт, АНУ-ын Midwestern бүс нутагт гуравдугаар сараас зургадугаар сард болсон үер /12.5 тэрбум ам.доллар/, дөрөвдүгээрт, БНХАУ-д зургадугаар сараас наймдугаар сард буусан үер /12 тэрбум ам.доллар/ оржээ. Хойд Америкт есдүгээр сард дэгдсэн “Дориан” хар салхи /11.4 тэрбум ам.доллар/ тавдугаарт бичигдсэн байна. Энэтхэгийн хойд хэсэгт зургадугаар сараас аравдугаар сард болсон үерийн улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. “Лекима” хар салхи мөн Хятадад наймдугаар сард ийм хэмжээний хохирол учруулсан байна.


Гуравдугаар сараас зургадугаар сард Иранд болсон үерээс учирсан хохирол 8.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Америкийн Техас муж улсыг есдүгээр сард дайрсан "Имельда" далайн хар салхи 8 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Тавдугаар сард дэгдсэн "Фани" салхины улмаас Энэтхэг, Бангладешт 8.1 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. 


2019 онд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Энэтхэгт хамгийн олон хүн амиа алджээ. Тус улсын хойд нутагт буусан үерийн улмаас  амиа алдсан хүний тоо 1900-д хүрсэн байна.


Африк тивийн хувьд "Идай" хэмээх халуун орны хар салхи хамгийн их хохирол дагуулжээ. Гуравдугаар сарын 4-21-нд уг хар салхи Мозамбик, Мадагаскар, Зимбабве болон Малави улсын нутагт хоёр удаа үер дагуулсны улмаас 1300 хүн амиа алдсан бол Мозамбик улсын хоёр дахь том хот болох Бейра илүү их хохирол амссан байна. "Идай" хар салхи нь дэлхийн Өмнөд тал бөмбөрцгийн орчин үеийн түүхэн дэх хамгийн сүйтгэлт хар салхинуудын нэгээр бүртгэгдсэн бөгөөд хоёр тэрбум ам.долларын хохирол учруулжээ.



Холбоотой мэдээ