Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-07 08:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд болов.


Тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, “Арслан”, Баянхонгор, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС, Налайх, “Приус” төв, “Сүлд”, Сонгино хайрхан дүүрэг, “Төгс”, УСУГ, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангай хайрхан уул”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хасу-Хэнтий”, “Хилчин”, “Хүч”, “Цастын барс”, “Эрч” гэсэн 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.


Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа ес, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумьяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа Монгол Улсын аварга хэмээх алдрыг хүртэв.


Энэ удаагийн УАШТ-д 9 шинэ аварга төрж, З.Болортунгалагаас бусад нь 18-23 насны бөхчүүд байсан нь Монголын чөлөөт бөхөд шинэ үе хүч түрэн орж ирж буйг тод харууллаа. Олимпын жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.


Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 135 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегаватт” компанийн “Хасу-Мегастарс” клуб 126 удаалж, спортын мастер Г.Цэрэнпунцаг дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо 99 оноогоор гутгаар байрыг эзлэв. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 159, ОУХМ Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 144, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 139 оноогоор эхний гурван байрт орлоо.


Сүүлийн өдөр /2020.01.06/ эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 кг жингийн медалийн төлөөх барилдааны мэдээллийг МЧБХ-ноос хүргэж байна.

 

Эрэгтэйчүүдийн 92 кг-д /15 бөх/: 1. Мөнхбаатарын Цогтгэрэл /Хангарьд/  2. Доржготовын Доржсүрэн /Аврагч/  3. Баатарын Нямбаяр /Приус центр/, Баяраагийн Бат-Эрдэнэ /МУБИС/


Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд нэг багшийн шавь, 2018 оны УАШТ-ий мөнгөн медальт “Аврагч”-ийн Д.Доржсүрэнг оноогоор цэвэр ялж анх удаагаа улсын аварга болов. Хүрэл медалийг залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн хүү МУБИС-ийн Б.Баясгалан нар хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жилийн улсын аварга Б.Нямбаяр 1/4 шигшээд аварга болох ерөөлтэй М.Цогтгэрэлд ялагдсан.


97 кг-д /17 бөх/: 1. Чинбатын Алтангэрэл /Хилчин/ 2. Баасанцогтын Өлзийсайхан /Хасу-Мегастарс/ 3. Төмөрбатын Мөнгөншагай /Харгант цамхаг/, Балтмөнхийн Бадамдорж /Цастын барс/


Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Батзул, “Будапешт-2018” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Л.Төртогтох, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнгөншагай, “Монголиа Опен” ОУТ-ий аварга Ч.Алтангэрэл, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга Э.Батмагнай гэсэн шилдгүүд дээд хэсэгт “чихэлдсэн”. Эндээс “Хилчин”-ий Ч.Алтангэрэл шигшээд шалгарч “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайханд 5:4-өөр ялснаар анх удаа улсын аварга болж “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнд зодоглохоор болов. Б.Өлзийсайханы хувьд УАШТ-ээс гурав дахь мөнгө, долоо дахь медалиа хүртэв. Тэрбээр 74, 86, 92, 97 гэсэн дөрвөн өөр жинд медаль хүртээд байна. Өнгөрсөн жилийн энэ жингийн дэд аварга Т.Мөнгөншагай, 2015 оны хүрэл медальт “Цастын барс”-ын Б.Бадамдорж нар хүрэл медалийн эзэн боллоо. Энэ жингийн нэг номер Ө.Батзул эхний даваанд Л.Төртогтоход оноогоор цэвэр (0:10), “Хүч” спорт хорооны тамирчин Э.Батмагнай 1/4 шигшээд Т.Мөнгөншагайд 4:7-гоор дийлдсэн.


125 кг-д /24 бөх/: 1. Мөнхтөрийн Лхагвагэрэл /Хилчин/ 2. Доржхандын Хүдэрбулга /Сүлд/ 3. Нацагсүрэнгийн Золбоо /Хүч/, Пүрвээгийн Өсөхбаатар /Хилчин/


23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл урамтай сайхан барилдаж 21 настайдаа Монгол Улсын аваргаар анх удаа тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Инчёнь-2014” наадмын хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг 3:1-ээр ялсан. Азийн АШТ-ий таван медальт Н.Золбоо, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт П.Өсөхбаатар гэсэн хашир туршлагатай ОУХМ-ууд хүрэл медаль хүртэв. Н.Золбоо дотны найз “Сүлд” спорт хорооны У.Мөнхбаярыг 8:1-ээр илүүрхэж УАШТ-ээс 10, П.Өсөхбаатар өнгөрсөн жилийн хүрэл медальт Б.Ганзолбоог оноогоор цэвэр ялж ес дэх медалиа зүүсэн юм. Хүнд жинд чөлөөт бөхийн суурьтай үндэсний бөхийн улс, аймгийн алдар цолтой бөхчүүд олноор зодоглов.


Эмэгтэйчүүдийн 62 кг-д /7/: 1. Сүхээгийн Цэрэнчимэд 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /хоёул Алдар/ 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн /Хүч/


Олимпын жинд тун өрсөлдөөнтэй боллоо. Энэ жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор жин өгсөж, өнгөрсөн жилийн 65 кг-ын улсын аварга ОУХМ Х.Болортуяа жин уруудаж, өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн нар “А” хэсэгт хоорондоо барилдсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан. Энэ хэсгээс С.Цэрэнчимэд нэгээр, Ө.Пүрэвсүрэн хоёроор гарсан юм. Нөгөө хэсгээс ОУХМ П.Номин-Эрдэнэ тэргүүлсэн. Чимэдээ гавьяат хагас шигшээд “Алдартан”-ы Д.Мягмарсүрэнг, П.Номин-Эрдэнэ Ө.Пүрэвсүрэнг ялснаар алтан медалийн төлөө шалгараад байв. “Алдар”-ын хоёр тамирчин шигшээд өрсөлдөхөд С.Цэрэнчимэд гавьяат туршлагаар илүү гэдгээ харуулж цэвэр ялснаар тав дахь удаагаа улсын аваргаар тодров. Хүрэл медалийг Баянхонгорын Ө.Пүрэвсүрэн хүртлээ. Түүний хувьд 2018 онд Эрдэнэтэд үзүүрлэж, өнгөрсөн жил хүрэл медалийн эзэн болж байв. Энэ жингийн шилдгүүдийн нэг өнгөрсөн жилийн улсын аварга ОУХМ Э.Гантуяа бэртлийн улмаас зодоглоогүй.


72 кг-д  /6 бөх/: 1. Энхбаярын Цэвэгмид /Алдар/ 2. Доржсүрэнгийн Цогзолмаа /Аврагч/ 3. Цэрмаагийн Хулан /Хасу-Мегастарс/


Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид шигшээ барилдаанд “Аврагч”-ийн Д.Цогзолмааг цэвэр ялж таван жилийн улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртсэн. Тэрбээр УАШТ-ээс 55, 59, 63, 65, 72, 75 кг гэсэн зургаан жинд медаль зүүгээд байна. 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд туршлагатай мастер Х.Мөнхтуяаг цэвэр ялж насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртлээ. Өнгөрсөн жилийн улсын аварга “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэн өнжсөн.


76 кг-д /8 бөх/: 1. Очирбатын Бурмаа /Женко/ 2. Бадрахын Одончимэг 3. Ганбатын Ариунжаргал /хоёул Алдар/, Гэлэгжамцын Наранчимэг /Хилчин/


ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг гээд Монголын хүнд жинг олон жил авч яваа шилдгүүд уламжлал ёсоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болцгоов. Монгол Улсын найман удаагийн аварга О.Бурмаа шигшээ барилдаанд улсын 11 удаагийн аварга Б.Одончимэгийг цэвэр ялснаар ес дэх түрүүгээ хүртлээ. Хүрэл медалийг ОУХМ Г.Наранчимэгийн хамт “Алдар”-ын Г.Ариунжаргал хүртэв. Г.Ариунжаргалын хувьд гурван жил дараалан энэ жинд /2018 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн/ медаль хүртэв.








Холбоотой мэдээ