“Starlink” системийн бичил хиймэл дагуулуудыг хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-01-07 12:32:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани дэлхий орчмын хиймэл дагуулын “Starlink” системийнхээ 60 бичил хиймэл дагуулыг “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөлөө.


Өндөр хурдтай интернэтээр хангах зориулалттай хиймэл дагуулуудыг тойрог замд 290 км-ийн өндөрт байрлуулах ажээ. Уг хиймэл дагуулуудыг даваа гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 21 цаг 19 минутад Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөсөн байна.


“Starlink” сүлжээ нь 500 кг хүртэл жинтэй бичил хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд олноор нь байрлуулах замаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой төсөл юм.


“SpaceX” компани эхний ээлжинд АНУ-ын өмнөд нутгийн оршин суугчдыг 2020 оны эцэс гэхэд өндөр хурдтай интернэтээр хангахаар төлөвлөжээ. Компанийн шинжээчдийн тооцоолсноор, тойрог замд нийтдээ 11 мянган хиймэл дагуул байрлуулж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардлагатай байна. “Starlink”-ийн анхны 60 хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сард, харин 11 дүгээр сард хоёр дахь бүлэг аппаратыг хөөргөжээ.


Холбоотой мэдээ