Австралид 2000 орчим байшин барилга сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-07 14:11:06

КАНБЕРРА. /ABC/. Австралид олон сарын турш дэгдэж байгаа ойн түймрийн улмаас 2000 орчим байшин барилга сүйдсэн бөгөөд аюултай нөхцөл байдал цаашид улам даамжрах төлөвтэй байна.


Өнгөрсөн есдүгээр сараас хойш дэгдэж буй ойн түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, олон сая ан амьтан үхжээ. Агаарын температур нэмэгдсэн, ган гачиг нүүрлэсэн зэрэг нь байгалийн гамшигт үзэгдлийг улам газар авахад хүргэжээ.


Мягмар гарагт Шинэ Өмнөд Уэльс мужийн төлөөлөгчдийн мэдээлснээр, уг мужид 1588 байшин сүйджээ. Мөн зэргэлдээ оршдог Виктория мужид 200 орчим барилга, бусад мужид 100 гаруй байшин сүйдсэн байна.


"Ойн түймрийн учруулсан хохирлын хэмжээ 700 сая австрали доллар буюу 485 сая ам.доллар давсан. Цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна" гэж Австралийн Даатгалын зөвлөлөөс мэдээлжээ.


Канберра, Сидней, Мелбурн хотыг ойн түймрийн утаа бүрхсэн тул амьсгалын замын өвчин тусах эрсдэл нэмэгдсэнийг эмч нар сэрэмжлүүлжээ. Түүнчлэн даваа гарагт Мельбурн хотын олон хэсэгт үзэгдэх орчин 1 орчим километрт хязгаарлагдсаныг Цаг уурын газраас оршин суугчдад анхааруулжээ. 

Холбоотой мэдээ