Австралид 10 мянган тэмээ устгана

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-09 10:24:01
Yesukheitumur Tumurbaatar

КАНБЕРРА. /Independent/. Ган гачигт нэрвэгдээд байгаа Өмнөд Австралийг усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор 10 мянган тэмээг нисдэг тэрэгнээс буудан устгахаар болжээ.


Анангу Питянтятяра Янкунтятяра нутгийн уугуул, удирдлагуудын даалгасны дагуу лхагва гаргаас эхлэн тэмээнүүдийг устгаж эхэлжээ. Мөн амьтад усны хайн олон нийтийн газарт нэвтрэхдээ цорго, цөөрмийг сүйдэлж байна гэсэн нутгийн иргэдийн гомдол ирсэн байна.


Үүнээс гадна энэхүү устгалын үйл ажиллагаа нь хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой ажээ. Учир нь тэдгээр амьтад жилд нэг тонн хүлэмжийн хийтэй тэнцэх хэмжээний метан хий ялгаруулдаг байна. Тэмээн тоо толгой нэмэгдсэн нь тус бүс нутгийн хөдөө аж ахуй, дэд бүтцэд ихээхэн сөрөг нөлөө учруулж байна гэж Өмнөд Австралийн Байгаль орчин, усны газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


Тус улс нийт 1.2 сая тэмээн сүрэгтэй бөгөөд тэмээн сүргийн устгал тав хоног үргэлжлэх төлөвтэй байна. Устгалд оруулсан тэмээнүүдийг илээр хатааж, дараа нь шатаана гэж “ABC News” мэдээлжээ.


Нэг бөхтэй тэмээг 19 дүгээр зуунд анх тээвэр, барилгын ажилд ашиглах зорилгоор Энэтхэг, Афганистанаас Австралид нутагшуулж байжээ. Хэрэв тоо толгойг хүчээр зохицуулахгүй бол 8-10 жилийн дотор тэмээн сүргийн тоо толгой хоёр дахин өсөх магадлалтай аж.

Холбоотой мэдээ