“Toyota” Фүжи уулын ойролцоо “ухаалаг хот” байгуулна

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-01-09 13:52:01

ЛАС-ВЕГАС. /AP/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд, ухаалаг технологи, туслагч роботуудыг турших 2000 оршин суугчтай “ирээдүйн хот” байгуулах төлөвлөгөө боловсруулжээ. 


АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо зохион байгуулж буй Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр танилцуулсан Toyota” компанийн "ухаалаг хот"-ын төслийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх аж. Энэхүү хотыг Токио хотоос 100 орчим километр зайд оршдог Фүжи уулын бэлд байгуулах ажээ.


Toyota” компанийн тэргүүн Акио Тоёдагийн мэдээлснээр, шинэ хотод судлаач, эрдэмтэд, инженерүүд шинэ үеийн технологио турших боломжтой аж. Оршин суугчдын орон сууц болон тээврийн хэрэгслүүд бүгд хоорондоо холбогдсон байх бөгөөд мэдээлэл, мэдрэгчдийн тусламжтайгаар холбоо тогтоох боломжтой гэнэ.


Мөн "ухаалаг хот"-ын эрчим хүчийг устөрөгчийн түлш болон нарны зай хураагууруудаар хангаж, зөвхөн автомат жолоодлоготой, хорт утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслүүд зорчихыг зөвшөөрөх тул байгаль орчинд маш ээлтэй гэж А.Тоёда ярьжээ.   

Холбоотой мэдээ