Дарханы замд оролцогч талууд нягт хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-10 14:01:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын Төслийн удирдлагын албаны дарга Мүкиа Тиручэлвамтай уулзлаа. 

Уулзалтаар АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хэрэгжилт, явцын удааширсан шалтгаан нөхцөл, цаашид хийх үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, төслийн зам барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа "Багц-2" болон "Багц-4" хэсгийн зам барилгын ажлын гэрээг цуцалж, хариуцлага тооцох саналыг АХБ-нд удаа дараа тавьж байгаа ч шийдэлд хүрэхгүй байгааг илэрхийлэв.

АХБ-аас гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад, ажлын нөхцөл байдалтай газар дээр нь удаа дараа танилцсан. "Багц"-уудын хэсэгт тодорхой ажил хийгдсэн, мөн гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч талаас хуулийн байгууллагад гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг анхааруулав.


АХБ-наас төслийн хэрэгжилттэй холбогдох үйл ажиллагааг Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас төслийн үйл ажиллагааны чиг үүрэг  Монгол дахь АХБ-ны суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсныг дуулгав. Ингэснээр нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтай болж буйг АХБ-наас онцоллоо.

Уулзалтын үр дүнд нийт зам барилгын ажлыг эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг сайтар хангаж, ирэх 3 дугаар сард багтаан бүх техник тоног төхөөрөмжийг татан байршуулж, шуурхай ажлын төлөвлөгөө гарган сайтар зохион байгуулахаар тогтлоо.

Түүнчлэн төслийг үр дүнтэй, гэрээт хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад захиалагч ЗТХЯ, санхүүжүүлэгч АХБ, төслийн зөвлөх Энэтхэгийн "ICT" компани, Дарханы замын төслийн нэгж, хяналтын инженерүүд, гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэг баг болж нягт хамтран ажиллах нь зүйтэйг талууд онцлон тэмдэглэв.


Холбоотой мэдээ