Эх барих, эмэгтэйчүүдийн 10 эмч Японд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-10 16:14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад сурахаар Япон улсыг зорих гэж буй 5 аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн 10 эмч, эх баригчийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  

Тэрбээр, эмч нарт тухайн орны эмч, мэргэжилтнүүдийн оношилгоо эмчилгээний туршлагаас суралцаж ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхээс гадна тус улсын хүн амын ахуй соёл, зан заншил, харилцаа хандлагаас судалж ирэн туршлагаа хуваалцахыг хүсэн ерөөж, амжилт хүсэв.

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Япон улсын Жайка байгууллага хамтран 2018-2020 он хүртэл “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах  замаар принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй юм.

Энэхүү төслийн хүрээнд, аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч тус тус 1 хүнийг буюу нэг аймгаас 2 хүнийг Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтад сарын  хугацаатай хамруулах юм. Тус сургалтад 2018-2019 онд Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймаг хамрагдсан байна.

Энэ сарын 13-наас эхлэх сургалтад Архангай, Баянхонгор,  Говь-Алтай, Төв, Хэнтий аймгаас тус бүр 2 хүнтэй баг оролцоно. Энэ удаагийн сургалт төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойших 3 дахь ээлжийн сургалт болж буй юм. Дараагийн жил тус 5 аймгаас дахин 10 хүн сургалтад хамрагдах юм. Багшийн сургалт, замын болон амьдрах зардлыг Япон улсын тал хариуцаж байгаа нь манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийж буй маш том боломж гэдгийг албаныхан хэллээ.


Холбоотой мэдээ