Оманы султан Кабус бен Саид таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-11 10:34:48

КАИР. /ТАСС/. Оманы султан Кабус бен Саид аль Саид удаан өвдсөнийхөө дараа баасан гарагт 79 насандаа таалал төгслөө гэж тус улсын төрийн Мэдээллийн агентлаг мэдээлжээ.


Оман улсыг 1970 оноос хойш захирсан султаныг таалал төгссөнтэй холбогдуулан гурван өдрийн гашуудал зарласан байна. Мөн төрийн далбааг 40 хоногийн турш бөхийлгөнө.


Оманы султан 2015 оноос хойш хорт хавдараар өвдсөн бөгөөд түүний биеийн байдал муудсан тухай мэдээ сүүлийн үед хэвлэлүүдэд гараагүй юм. Тэрбээр Бельгийн эмнэлгээс эх орондоо ирснийхээ дараа эмчилгээгээ үргэлжлүүлж байна гэж Оманы төрийн тэргүүний тамгын газар 12 дугаар сарын сүүлчээр мэдээлж байжээ.


Кабус 1970 онд Британийн зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр цус урсгалгүй төрийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарчээ. Төрийн эргэлтийн үр дүнд аав нь хаан суудлаас огцорсон байна. Тэрбээр 1976 онд үеэл Сайд Навваль бинт Тариктай гэрлэсэн боловч гурван жилийн дараа гэр бүлээ цуцлуулжээ. Кабус дахин гэрлээгүй бөгөөд хүүхэдгүй байна.


Арабын бусад хаант улсын удирдагчдаас ялгаатай нь Кабус залгамжлагчаа олон нийтэд зарлаагүй учраас дараагийн султанаар хэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ажээ. Оманы Үндсэн хуульд заасны дагуу эрх баригч гэр бүл “хаан суудал чөлөөлөгдсөний дараа” гурван өдрийн дотор залгамжлагчийг сонгох ёстой байна. Хэрэв энэ хугацаанд хааны гэр бүл санал нэгдэж чадахгүй бол хүчний байгууллагуудын өндөр албан тушаалтнууд, Дээд шүүхийн дарга, Оманы Зөвлөлийн /хоёр танхимтай парламент/ тэргүүнээс бүрдэх зөвлөлийн оролцоотойгоор Кабус ирээдүйн захирагчийн нэрийг бичсэн байх ёстой захидал бүхий битүүмжилсэн дугтуйг нээх аж. 

Холбоотой мэдээ