Ирак дахь Америкийн цэргүүдийн байгууламж пуужингийн цохилтод өртжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-13 09:15:54

БАГДАД. /NHK/. Америкийн цэргүүдийн байрлаж буй цэргийн бааз пуужингийн цохилтод өртлөө гэж Иракийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.


Ираны Зэвсэгт хүчний командлагч АНУ-ын агаарын цохилтын улмаас амиа алдсаны хариу хэмээн үзэж буй уг пуужингийн цохилтын улмаас Иракийн дөрвөн цэрэг шархаджээ. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт “Аль-Балад” агаарын цэргийн баазад найман пуужин унасан аж. 


Энэ сарын эхээр Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч Касем Сулеймани АНУ-ын дроны цохилтын улмаас амиа алдсанаас хойш Ирантай холбоотой босогчид хариу барина гэдгээ мэдэгдээд байжээ. 


Өнгөрсөн лхагва гарагт Техран Ирак дахь Америкийн цэргүүдийн байрладаг цэргийн хоёр байгууламжийг онилон пуужин харвасан юм. Мөн тухайн өдрийн орой АНУ-ын Элчин сайдын яам байрладаг Багдад хотын Ногоон бүсэд пуужингууд унасан байна. 

Холбоотой мэдээ