Хятадууд тойрог замын модуль хөөргөнө

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-04-21 12:54:22

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс тойрог замын судалгааны "Тяньгун-2" лаборатори болон "Шэньжоу-11" жолоодлогот хөлгийг энэ онд сансарт хөөргөх гэж байгаа тухай “China Daily” сонинд мэдээлсэн байна.

"Тяньгун-2" судалгааны аппаратыг энэ оны гуравдугаар улиралд тойрог замд оруулах бол дөрөвдүгээр улиралд "Шэньжоу-11" хөлгийг хөөргөх аж. Хоёр сансрын нисгэгч бүхий уг жолоодлогот хөлөг судалгааны лабораторитой холбогдсоны дараа хөлгийн багийнхан туршилт явуулах юм. Сансрын нисгэгчид тойрог замд 30 хоногийг өнгөрүүлнэ.

"Тяньгун-2"-ыг сансарт олон тооны туршилт явуулахын тулд, мөн тойрог замын станц хөөргөхөд бэлтгэх зорилгоор бүтээж байна” гэж тойрог замын уг модулийн ерөнхий зохион бүтээгчийн туслах Ляо Зяньлинь ярьжээ.

Хятад улс мөн сансрын ачаа тээврийн “"Тяньжоу-1" хөлгийг 2017 онд хөөргөхөөр төлөвлөж байна. Уг хөлөг нь "Тяньгун-2"-ыг түлшээр хангаж, өөр бусад шаардлагатай материалуудыг хүргэх ажээ.

Өдгөө хятадууд өөрийн гэсэн тойрог замын станц байгуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд станцыг 2022 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөсөн байна.

Д.Жаргал

.

Холбоотой мэдээ