"Барселона" ерөнхий дасгалжуулагч Вальвердетэй гэрээгээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-01-14 12:05:43

МОСКВА. /TASS/. Испанийн хөл бөмбөгийн "Барселона" клуб хоёр талын зөвшөөрөлтэйгөөр тус клубийн ерөнхий дасгалжуулагч Эрнесто Вальвердетэй байгуулсан гэрээгээ цуцалжээ. Энэ тухай клубийн хэвлэлийн алба мэдээлэв.


“Клуб Эрнесто Вальвердед түүний Барселонад зориулсан мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийнх нь төлөө талархлаа илэрхийлж байна. Түүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэж клубийн цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.


Өдгөө 55 настай Вальверде 2017 оны зунаас хойш “Барселона" клубийг тэргүүлжээ. Тэрбээр багийнхаа хамт Испанийн аварга шалгаруулах тэмцээнд /2017/18, 2018/19/ хоёр удаа түрүүлж, УЕФА-гийн цом /2017/18/, Испанийн Супер цомыг /2018/ тус бүр нэг удаа хүртсэн байна. Вальверде өмнө нь Грекийн "Олимпиакос" багийг дасгалжуулж байжээ. Тус баг гурван ч удаа Грекийн аварга болсон бөгөөд Грекийн цомыг хоёр удаа хүртсэн байна.


Нэгдүгээр сарын 10-нд "Барселона" баг Испанийн Супер цомын тэмцээний хагас шувтаргын тоглолтод "Атлетико" багт 2:3 онооны харьцаатай хожигдсоны дараа Эрнесто Вальвердег огцруулж магадгүй гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч эхэлжээ.


Холбоотой мэдээ