Жилийн дөрвөн улиралд ашиглах хүлэмж барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХүлэмжийн аж ахуйг нэвтрүүлэх, хүн амын дунд эрүүл, зохистой хооллолтыг дэлгэрүүлэх зорилгоор Архангай аймагт “Эрүүл мэнд ба Хоол тэжээл” загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийг Францын "Санте Сюд" болон "ЖЭРЭС" ТББ хамтран Архангай аймгийн Хашаат, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд Монакогийн Гадаад Хамтын ажиллагааны газраас санхүүжүүлж буй юм.
Буруу хооллолт болон хүнс тэжээлийн дутагдлаас үүдсэн зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг эмгэгийг бууруулахад дээрх төсөл өгөөжөө өгнө хэмээн албаныхан хэлж байна. Төслийн үйл ажиллагаа нь ЭМСЯ-ны хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр, ХХААЯ-наас санаачилсан хүнсний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.
Төслийн эхний үе шатны ажлыг Францын ЖЭРЭС ТББ гүйцэтгэх бөгөөд тэд нарны эрчим хүч ашиглан жилийн дөрвөн улиралд ашиглах хүлэмж барьж, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, даршлах талаар цуврал сургалт зохион байгуулна. Харин Санте Сюд байгууллага төслийн хүрээнд эмч ажилчдыг чадавхжуулах, мэдээлэл сурталчилгаа, гарын авлага боловсруулж ажиллах юм байна.
Б.Заяа