Идэвхтэй ажил хайж буй иргэдийн тоо өвөл, хаврын улиралд өсдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-14 20:10:38

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт он гарсаар идэвхтэй ажил хайж буй 68 хүн бүртгүүлжээ.

2019 онд ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 786 болж, өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй хувиар буурчээ. Аймгийн хэмжээнд 429 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 55 хувийг эзэлжээ. Хөдөлмөр эрхлэлтийн газарт бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 60 орчим хувиар буурсан нь сайн үзүүлэлт юм. Энэ нь Халамжийн сангаас олон төрлийн хөнгөлөлттэй зээл тусламжийг өгөх, тодорхой хэмжээний ажлын чиг баримжаа олгох цуврал сургалтуудыг явуулсны үр дүн юм.

Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн 1.7 хувь нь боловсролгүй байгаа бол 50 гаруй хувь нь бүрэн дунд, 20 гаруй хувь нь дээд боловсролтой хүмүүс юм. Иргэд улирлын чанартай барилга, зам засварын ажлуудад зуучлуулан ажилд ордог.  Харин өвөл, хаврын улиралд ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо бага зэрэг өсдөг хэмээн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ